
Better Mongolia #18
Макс Өргөө ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Т.Түмэн-Өлзий:
“Би дунд ангийн сурагч байхаасаа л барилгачин болох хүсэл мөрөөдөл зорилготой болсон ч барилгын салбарын мэргэжлүүдийн ялгааг сайн мэддэггүй байлаа.
Тухайн үед хичээлээс гадуур “Архитектор” гэсэн мэргэжил эзэмших бодолтой хар зураг буюу “Натюрморт” зургаар МУБИС-ийн дүрслэх урлагийн багшаар анх заалгаж, дараа нь ШУТИС-ийн Архитектурын багшаар хагас бүтэн сайн өдрийн хичээлд сууж суралцав.
Тухайн үед өнөө цагтай адил мэдээ мэдээлэл олох боломж хомс, барилгын салбарын мэргэжлүүдийн ялгааг менторлож, зааварчлах ойрын танил байхгүй тул Архитекторын мэргэжлийн шалгалтад л ач холбогдол өгч бэлддэг байв.
Ерөнхий элсэлтийн шалгалт эхлэхийн өмнө ШУТИС-ийн нийгмийн салбарын багшид Барилгын сургуульд орохоор бэлдэж буйгаа дуулгахад “Чи яг барилгын салбарт ямар чиглэлээр ажиллах хүсэлтэй вэ? гэж надаас тодруулж, “Архитектур төлөвлөлт гаргадаг, барилга барьдаг инженер, шугам сүлжээ гээд олон мэргэжил байгааг дэлгэрэнгүй тайлбарласан мэргэжлийн урт жагсаалт гаргаж, анх надад тайлбарлан өгч байлаа.
Ингээд ШУТИС-ийг иргэний ба үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр суралцан төгсөөд үргэлжлүүлэн барилга бүтцийн инженерээр магистр хамгаалан энэ чиглэлээрээ өдийг хүртэл тасралтгүй ажиллаж байна.
Би 2015 онд “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” гишүүн тул тухайн улирлын уулзалтаар “МБҮА”-ийн Ерөнхийлөгч,“Макс Групп”-ийн Ерөнхий захирал Д.Цэрэнжигмэд салбарын бодлогын талаар яриа өрнүүлэх боломж олдсон юм.
Тэр цагаас хойш барилгын салбарын зөвлөгөөн, хэлэлцүүлэг, төрийн бус байгууллагын ажлаар тогтмол тааралдаж мэндтэй устай хүндэтгэж явдаг байлаа.
Энэхүү уулзалтын дараа 3 жилийн дараа Макс Өргөө ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах томоохон саналыг хүлээн авч өдийг хүртэл ажиллаж байна.
Манай хамт олон өнгөрсөн хугацаанд нийт 303.886 мкв барилга байгууламжийг эх орондоо ашиглалтад оруулж, салбартаа нөлөөлөгч чадварлаг инженерүүдтэй нь бидний хамгийн том бахархал.
“Макс Групп” нь сүүлийн жилүүдэд баруун бүс нутагт томоохон мега төслүүдийг хэрэгжүүлж буй бөгөөд Макс Өргөө ХХК-ийн хувьд уг төслүүдэд томоохон үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Тухайлбал бид Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт хоногт 400 тонн, жилд 120 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай шохойн үйлдвэрийн барилгын төслийг хариуцан ажиллаж байна.
Энэхүү том бүтээн байгуулалт нь Монгол улсдаа импортын хамаарлыг бууруулж, дотоодын томоохон үйлдвэрлэл хөгжих эхлэл гэж бид харж байна.
Цаашдын бидний зорилго бол Монгол улс нийгэм, эдийн засагт нөлөөтэй барилга, дэд бүтцийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхээс гадна барилгын салбартаа хууль эрх зүйн орчин, бодлогын баримт бичиг, норм норматив, стандартыг сайжруулахад нөлөөлөх явдал юм”