ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫГ БҮТЭЭХ БИДНИЙ ТҮҮХ
2023-11-07

✅BETTER MONGOLIA STORIES #1



38 жилийн хугацаанд 50.1 сая литр сүү тээвэрлэсэн СҮҮ ХК-ийн Сүү Тээврийн Жолооч Ш.Батцэрэн:

Сүү бол хүн ардын амин чухал хүнсний хэрэгцээнээс гадна малчин хүний үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэлх нөр их хөдөлмөр шингэсэн бүтээгдэхүүн байдаг. Иймд сүү тээврийн жолооч миний ажил бол маш их мэдрэмж, сэтгэл зүтгэл шаардсан сайхан ажил юм.

Анх цэргээс халагдаад л 1985 онд Сүү компанитай амьдралын зам мөрөө холбож, өдгөө 38 жилийн хугацаа өнгөрсөн байна. Намайг анх ажилд ороход гурвалжин сүү, ааруул зэрэг цөөн хэдэн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан үйлдвэр өнөөдөр 11 брэндийн 86 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, олон улсын чанар стандартыг нэвтрүүлсэн, орчин үеийн техник технологиор бүрэн тоноглогдсон, эх орондоо импортыг орлох сүү, сүүн бүтээгдэхүүний дийлэнх хувийг дангаар хангадаг том үйлдвэр болтлоо өргөжсөн байна.

Энэ бол сүү тээврийн жолоочоор ажилласан олон жилийн минь нөр их хөдөлмөрийн минь бахархал мөн.

Би энэ олон жилийн хугацаанд нэг ажилдаа тууштай ингэж, удаан ажилласан минь хамт олны уур амьсгал, сүү тээвэр хийж явах үеийн олон сайхан дурсамжуудтай салшгүй холбоотой. Би 1985 онд анхны цалингаа 3 сараар нь авч нийт 6000 төгрөгөө аваад ээждээ очтол ээж минь баярлах, гайхах зэрэгцэж байсан. Яагаад дээд боловсролтой ахаасаа илүү цалин авдаг билээ гээд огт итгэж өгөөгүй. Би ч ахаараа тэр үед компанийнхаа нярав руу яриулж байж, сая нэг юм итгэж билээ. Хүний хөдөлмөр гэдэг сайхан зүйл хүн аль залуу наснаасаа л хөдөлмөрийн амтыг ойлгож, юманд хариуцлагатай зүтгэж чадна, тэр хэрээр амьдрал өөрөө тэгшрээд л ирдэг. Ээжийгээ тэр л үед би нэг сайхан баярлуулсандаа гэж дурсдаг юм.

Би чинь Сүү тээврийн жолооч хийж яваад нэгэн сайхан гэр бүлийг анхны үрийн зулайг нь үнэрлүүлж байсан түүхтэй хүн. 1986 онд Партизаны сангийн аж ахуйн фермээс сүүгээ аваад хөдлөх гэж байтал нэг залуу гүйж ирээд ахаа эхнэр төрлөө одоо яах вэ гэсэн. Би ч тэр дор нь эхнэрийнхэн хамт суулгаад ойролцоо байх эмнэлэг рүү давхисан. Хүн чинь сандрахаар тэр 5 км газар 500 км мэт л хол санагддаг юм билээ. Ээж охин энх мэнд амаржиж, тэр гэр бүл маань ам бүл гурвуулаа болсон. Сүү тээврийн ажил дандаа л зам нь цагаан сайхан байдгийг энэ сайхан үйл явдлаас би ойлгож билээ. Хожим би мөн ажлаа хийж яваад Партизаны сангийн аж ахуйн ферм, сүү компанийн харьяа хөргөлтийн тасгийн Лаборантаар ажилладаг бүсгүйтэй танилцаж, гэр бүл болцгоосон доо. Миний амьдрал тэр чигтээ Сүү компаниар дамжин бүх зүйл нь сайхан жигдэрсэн байдаг.

Өнөөдөр бид эрүүл Монгол хүнийг бүтээхийн төлөө ажиллаж байна гэж би боддог. Манай хамт олон яг л тэр сэтгэлээр хандаж ажлаа хийдэг. Сүү сайн хэрэглэдэг хүүхдүүд өндөр эрүүл чийрэг болдог гэдэг БНХАУ-ын сүүний бодлого дандаа надад бодогддог. Тэд сүүний бодлого хэрэгжүүлээд хүүхдүүд нь одоо өндөр, эрүүл шүдтэй залуус болсон гэсэн. Манай Монгол залуус ч мөн тэднээс дутахааргүй их өндөр шинэ үе гарч ирж байна лээ. Манай компани бол Монголын эрүүл сайхан дараагийн үеийг бэлдэхэд сүүгээрээ ундаалж, хүн ардынхаа амин чухал хүнсний хэрэгцээг тасралтгүй ханган ажилласаар байна.