“Макс Групп” -ийн санаачилгаар Говь-Алтай аймгийн Төгрөг суманд 300 МВт-ын хүчин чадалтай, жилд 2,160.0 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцын төслийн шав тавилаа.
Уг станц нь өнөөдрийн байдлаар Алтай-Улиастайн эрчим хүчний системд шаардлагатай байгаа 150-180 МВт-ын эрчим хүчний дутагдлыг нөхөж, бүс нутгийг үндсэн эх үүсвэрээр бүрэн хангах боломжтой юм.
Цаашилбал, Баруун бүсийн аймгуудад (Увс, Баян-Өлгий, Ховд) эрчим хүчний импортын хамаарлыг үе шаттайгаар бууруулах, бүс нутгийн хэмжээнд гадагшлах валютын урсгалыг дотооддоо үлдээхэд техникийн бодит дэмжлэг, импорт орлох суурь нөхцөлүүдийг бүрдүүлж чадах юм.
Төслийн бүтээн байгуулалтын явцад 1600 гаруй түр ажлын байр бий болох ба станц бүрэн ашиглалтад орсноор 500 гаруй тогтмол ажлын байраар хангаж, бүс нутгийн аж үйлдвэржилт нэмэгдэж, бизнесийн салбар тэлэх боломж бүрдэх юм.
Мөн “Макс Групп” нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий, батерей хуримтлууртай хосолсон 5 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станцын төслийг тун удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байна.