ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫГ БҮТЭЭХ БИДНИЙ ТҮҮХ
2025-04-18

🟦Better Mongolia #14

Монголдоо импортыг орлох, ганжуулсан шил боловсруулах 11 жилийн туршлагатай Макс Шил ХХК-ийн үйлдвэрийн дарга Н.Доржсүрэн:

2013 онд сургуулиа төгсөөд 100% дотоодын хөрөнгө оруулалттай байгуулагдсан барилгын шил боловсруулах үйлдвэрүүдийн анхдагч Макс Шил компанид ажилд орсон. Дотоодын хөрөнгө оруулалттай” гэх тодотгол миний анхаарлыг маш их татаж байсан.

Учир нь 2000 оны үед Монгол улсын компаниуд өөрсдийн хөрөнгөөр босож, Монгол мэргэжилтнүүдийнхээ ур чадвар дээр тулгуурлан нээгдэж байсан үе. Шинэ компани болоод ч тэр үү?, надад сурах зүйлс их, хийх шинэ ажлууд өдөр бүр гарч ирдэг байсан ч үнэтэй туршлагыг хуримтлуулах боломж олгосон гэж би боддог.

Өдгөө би 11 жилийн турш Монгол улсын бүтээн байгуулалтын салбарт гар бие оролцон, томоохон төслүүдэд хувь нэмэр оруулсаар байна. Манай компанийн хийдэг барилгын шилэн хийцлэл нь нарийн технологи, ур чадвар шаарддаг бөгөөд энэ нь ажилтны олон жилийн туршлагаас хамаарах чухал ач холбогдолтой.

Ялангуяа манай ганжуулсан шил нь бусад шилнээс 5 дахин илүү даацтай, 5 хүн дээр нь гишгээд ч хагарч цуурдаггүй бат бөх. Хэрэв хэрэглэгч хүсэх юм бол бид сум нэвтэрдэггүй шилийг ч дотооддоо хийх бүрэн боломжтой.

Макс Групп нь залуу төгсөгчдийг дэмжин, эерэг, бүтээлч уур амьсгалтай орчин бүрдүүлэхийг зорьдог хамт олон. Бид байгууллагын хугацаандаа шинэ нисэх буудал, Холидэй Инн Улаанбаатар зочид буудал, “UG arena”-ийн фасад болон террас зэрэг томоохон байгууламжуудын бүтээн байгуулалтыг амжилттай хийсэн.

Бид хамтын хүчээр Монгол улсын барилгын шилэн хийцлэлийн салбарт импортыг орлох тэргүүлэгч компани болохын төлөө алсын хараагаа өргөжүүлэн, шинэ технологи, инновацыг нэвтрүүлж, салбартаа манлайлах эрмэлзэлтэйгээр ажилладаг.