ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫГ БҮТЭЭХ БИДНИЙ ТҮҮХ
2023-11-15

✅BETTER MONGOLIA#7

“11 жилийн хугацаанд 432,000 түгээлтийг харилцагчдад амжилттай хүргэжээ”

Түгээлтийн ажил бол аливаа төрийн тушаал шийдвэр, цаг агаарын нөхцөл байдал, хөл хорио, шатахууны хомсдол, дугаарын хязгаарлалт зэрэг ямар ч саад бэрхшээлийг туулан хэрэглэгч, харилцагч нартаа хүрч ажиллах шаардлагатай үргэлж нүүр тулдаг сорилт дүүрэн ажил.

Үнэхээр ч тийм бодит жишээг ковидын үед бид улс даяар мэдэрсэн. Хүн ардынхаа хүнсний хэрэгцээг таслахгүй, түгээж өгөх үүргийг бид хүлээдэг болохоор аливаа нөхцөл байдалд маш хурдан зохицон ажиллах чадвар энэ салбарт ажиллаж буй хэн бүгдэд нэвт суусан байдаг. Тиймдээ ч бид хагас цэрэгжилтийн байдалтай, өндөр зохион байгуулалт, сайн менежменттэйгээр ажилладаг. Энэ салбарт ажилласан хэн ч дассан зохицох чадвартай болсон байдаг.

Миний хувьд Механикийн чиглэлээр сурч төгссөн ч өөрийн сонирхлын дагуу “Макс Групп”-т 2012 онд анх ажилд орсон. Тухайн үед хотын төвийн шинэ ашиглалтад орсон тохилог оффист ажлын гараагаа эхлүүлж байлаа. Ажилтан бүртээ сэтгэл гаргаж, бүхий л зүйлсээр нь ханган өгсөнд миний сэтгэл их хөдөлж билээ.

Анхны ажлын гараа минь 6 хүнтэй баг удирдан, борлуулалт түгээлтийг хариуцан ажиллах байлаа. 11 жилийн дараа 6 хүнтэй баг маань 30 хүнтэй баг болтлоо өсөж, нийт 4500 гаруй цэгт түгээлт хийх чадамжтай, чадварлаг баг хамт олон болтлоо өргөжсөн байна. Хүн ажлаасаа маш олон зүйлийг сурдаг, мэддэг, хөгждөг. Энэ жишээ бол манай багийн залууст их харагддаг. Манайд ажиллаж байсан 2 сайхан залуу өөрсдийн орон нутагтаа /Хэнтий, Хөвсгөлд/ нэрийн дэлгүүрээ нээж, компанийнхаа харилцагч болсон. Энд ажилласнаараа өөрийн хувийн бизнесээ эхлүүлэх том алсын хараагаа бий болгож чадсан гэж би тэднийг хардаг.

Залуустай хамтран ажиллах маш олон давуу талтай. Тэд аливаа асуудлыг бэрхшээл гэж харахаасаа түрүүлж, хэрхэн шийдэх вэ? гэж хардаг. Бидний хийж буй ажил бол нөгөө талаараа шинэ соёл хандлагыг түгээдэг ажил гэж хардаг. Учир нь импортын бүтээгдэхүүн тухайн улсынхаа хэрэглээний соёл, бүтээгдэхүүний чанар амт гээд олон соёлыг хамт авчирдаг. Дэлхийд хүмүүс юу амталж, юу таашааж байна?.

Тэр бүгдийг бид Монголчууддаа хүргэх болно.