ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫГ БҮТЭЭХ БИДНИЙ ТҮҮХ
2024-05-15

✅BETTER MONGOLIA#6

Би аавынхаа мэргэжлийг өвлөж цахилгаанчин болсон. Аав минь Бэрхийн уурхайд цахилгаанчнаар ажилладаг байсан.

Багаасаа л аавынхаа ажлын багаж хэрэгслээр тоглож өссөн болохоор том болоод аавынхаа мэргэжлийг эзэмшин гэсэн бодол тээж өссөн. Үүний дагуу би “Техник Технологийн Коллеж”-ийг 2009 онд Барилгын цахилгаанчин мэргэжлээр төгсөж, үеийнхнээсээ эрт ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлсэн.

Би 2009 онд анх нэгэн барилгын компанид ажилд орж байлаа. Компанийн ихэнх ажилчид нь БНХАУ-аас ирсэн ажилчид байсан бөгөөд цалин хангамж нь Монгол ажилчдаас 3 дахин өндөр заримдаа цалин өгөхгүй удааж байгаа нь надад маш шударга бус санагдаж байлаа. Ер нь тэр үед Монголын барилгын салбарт ажиллаж буй ихэнх залуус халширч ажлаасаа гарч өөр ажил хайж байсан тийм хэцүү үе байсан даа.

Энэ байдлаас гарахын тулд Монгол залуусаа үнэлдэг газар л орж ажиллах ёстой юм байна гэж бодсон. Ингээд 2011 онд Max Urguu-даа ажилд орж байлаа. Намайг ажилд ороход хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн стандарт, норм, дүрмийг чандлан мөрдөгддөг, хувийн хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдсан, хөдөлмөрч хамт олон угтаж авсан нь маш их таалагдсан. Миний цалин ч тухайн үед дунджаас дээгүүр байсан нь миний амьдралд маш их өөрчлөлтийг авчирсан. Залуу хүнд өөрийгөө үнэлүүлэх шиг чухал зүйл байхгүй ээ.

Одоо Max Urguu-даа 13 дах жилдээ ажиллаж байгаа нь дээрх шалтгаантай салшгүй холбоотой. Би компанийнхаа ашиглалт менежментийн албанд харьяалагдан ажилладаг. Манай албаны гол зорилго нь Группийнхээ нийт компаниудын үйл ажиллагаа явуулдаг объектуудад инженер техникийн үйлчилгээ цаг алдалгүй үзүүлэхэд оршдог.

Өнгөрсөн жил надад болон манай гэр бүлд нэгэн сайхан үйл явдал тохиолдсон. Цагаан сарын өмнөхөн төрсөн нутаг руугаа явж байхад компаниас залгаад “Та Макс – Гэр бүл хөтөлбөрт хамрагдлаа”. Танд байрны урьдчилгаа олгохоор боллоо гэсэн. Энэ мэдээгээ гэр бүлийнхэндээ дуулгаж, хамтдаа баярлах л хамгийн сайхан мөч байсан даа. Залуу хүний хувьд үүнээс илүү урам гэж хаа байх билээ. Компанийн удирдлагууддаа хамт олондоо маш их баярлаж явдаг.

Манай “Макс Групп” баруун бүсэд чиглэсэн олон төслүүдээ эхнээс нь ашиглалтад оруулж байгаа нь дотор нь ажиллаж буй миний хувьд маш нүдээ олсон бүтээн байгуулалт гэж харж байна. “Хүдэр боловсруулах үйлдвэр”, “Тайшир Шохойн үйлдвэрлэл” гээд Монгол инженерүүд манлайлаад тэнд ажиллаж байгаа нь бахархам.

Нэг үе бодоход бид ямар ч том бүтээн байгуулалтад гадны инженерүүдийг харалтгүй өөрсдөө гүйцэтгэх хүний нөөцийн чадамжтай болсон нь манай улсад хамгийн том дэвшил гэж би бодож байна.