BETTER MONGOLIA#5
Макс Групп нь 2023 онд зочлох үйлчилгээний салбартаа олон улсын 80 мянган гаруй жуулчныг хүлээн авч Монгол улсад ирсэн нийт гаднын жуулчдын 8.2 хувийг дангаар хүлээн авлаа.
Макс Хотелс ХХК-ийн Борлуулалт маркетингийн албаны дарга Ц.Эрдэнэчимэг: “Монгол улсын хэмжээнд 2023-2025 оныг “Welcome to Mongolia” буюу Монголд зочлох жил болгон зарласан. Үүнд “Макс Групп”-ийн хамт олон өндөр үүрэг гүйцэтгэж, 2023 оны байдлаар 80 мянга гаруй зочдыг хүлээн авч үйлчилгээ үзүүлсэн нь манай улсад ирсэн нийт гаднын жуулчдын 8.2 хувийг дангаар хүлээн авсан үзүүлэлтэйгээр амжилттай ажилласан байна.
Зочлох үйлчилгээний салбар гэдэг бол аль ч улс орны нүүр царай, соёлыг сурталчлах тэргүүн эгнээний салбар төдийгүй, хүний амьдралын дурсамж, баяр баясгалан, аяллын адал явдлыг бүтээлцэхэд чухал ач холбогдол бүхий салбар юм. Бидний ажил жуулчдыг халуун дулаан инээмсэглэл дүүрэн угтахаас эхэлж, тав тухтай, аюулгүй тохилог, халуун дулаан орчинд стандартыг дагуу үйлчилгээг үзүүлэн сэтгэл хангалуун үдэх явдал юм.
Зочлох үйлчилгээний салбарт ажиллаж буй хүн бүр зөв хандлагатай аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, зочин бүрт сэтгэлээсээ улс орноо таниулахад тусалдаг байх нь эргээд тухайн улсын талаарх сайхан сэтгэгдэл үлдээж, манай улсад зочлох, бусдад санал болгох зэрэг олон эерэг зүйлийг ар араасаа дагуулдаг. Иймээс бид ирсэн бүх гадаад дотоодын жуулчдадаа чин сэтгэлээсээ үйлчилж, сэтгэл хангалуун буцаахыг зорьж ажилладаг.
Миний бие “Рамада” олон улсын сүлжээ зочид буудалд “зочин угтах” ажилтнаар ажлын гараагаа эхлүүлж байв. “Рамада” зочид буудал бол Монгол улсад хамгийн анхны сүлжээ зочид буудал гэдгээрээ анхдагч байсан бөгөөд олон улсын зочид буудлын стандартад нийцсэн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлж, гадаадын мэргэжилтнүүдийг урьж авчирч биднийг бэлдэж, шинэ залуу үеийн боловсон хүчнүүдийг олон улсын үйлчилгээний салбарт жинхэнэ мэргэжлийн боловсон хүчин болгож хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж би боддог.
Зочид буудлын салбарт ажиллаж эхэлсэн цагаасаа хойш гадаад, дотоодын олон зуун зочид, төлөөлөгч, мэргэжил нэг хүмүүстэй учирч, тэдгээрээс харилцаа, соёл хандлага, ажил мэргэжлийн өндөр ур чадвар, дадлага туршлага солилцож, суралцсан байдал нь намайг энэ салбар мэргэжилдээ улам гүн гүнзгий дурлуулж цаашлаад өөрийгөө хөгжүүлж, мэргэшүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.
2018 онд Лондон хотод зохион байгуулагдсан “IHG буюу Интерконтинентал Хотелс группийн” сүлжээ зочид буудлуудын системийн шинэчлэлийн сургалтад хамрагдаж улмаар сурч, мэдсэн мэдлэг туршлагаа ажилдаа амжилттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Миний ажлын карьер зочин угтах хэсгээс эхэлсэн бол өнөөдөр “Макс Групп”-ийн хоёр дах том бүтээн байгуулалт болох Holiday Inn Ulaanbaatar зочид буудалд удирдлагын түвшинд ажиллаж байна. Энэ салбарт ажилласан он жилүүдэд би дандаа суралцаж, хөгжиж ирсэн. Монгол улсад байх цөөхөн 5 одтой зочид буудлын стандартыг бид анхлан үлгэрлэж, эх орноо сурталчилж тэргүүн эгнээнд ажиллаж буй нь миний хамгийн том бахархал юм”