ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫГ БҮТЭЭХ БИДНИЙ ТҮҮХ
2024-06-15

✅BETTER MONGOLIA#4

14 жилд нийт 280 сая литр сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд гар бие оролцсон технологич СҮҮ ХК-ийн Технологийн албаны дарга С.Оюунбилэг: “Импортыг орлох сүү сүүн бүтээгдэхүүнийг эх орондоо хангах нь бидний зорилго”

Би 2009 онд ОХУ -д “Хүнсний технологич инженер” мэргэжлээр төгссөн. Намайг төгсөөд Монголдоо ирэхэд инженер, технологийн нарийн мэргэжлээр ажиллах боловсон хүчин дутагдалтай. Хүнсний дэлгүүрийн лангуу дээр дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн гэхээс илүү гаднаас оруулж, ирсэн чанарын баталгаа муутай хүнсний бүтээгдэхүүн дүүрэн, хэрэглэгчид импортын бараа бүтээгдэхүүн хэрэглээд хэвшсэн байсан.

Мөн хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байсан ахмад үеийн технологич, инженерүүд дараагийн залгамж, халаагаа хэрхэн бэлтгэх талаар санаа зовниж байсан үе. Учир нь энэ чиглэлээр ажиллах, суралцах залуусын тоо цөөрсөн тул хүнсний үйлдвэрлэлийн салбар ажиллах боловсон хүчин жилээс жилд цөөрсөн байсан.

Иймд залуу хүний хувьд Монголчуудын сүү сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо хангаж, импортын чанар баталгаа нь мэдэгдэхгүй сүү, тарагны хэрэглээг Монгол бүтээгдэхүүнээр орлуулах том зорилго тээж, Сүү компанид ажилд орсон.

Хүнсний үйлдвэрлэлийн салбарт нарийн мэргэжлийн инженер, технологийн боловсон хүчин маш чухал байдаг.

Манай үйлдвэрийн ахмад үеийн технологич, инженерүүд дараагийн залгамж халаа, залуу үеийг бэлтгэхэд ихэд анхаарч өөрсдийн мэдлэг, туршлагаа харамгүй уламжлуулж ирсэн. Хүнсний технологийн чиглэлээр ажиллах нь асар их хариуцлага шаардсан ажил. Хүний эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг тул маш нарийн судалгаа шинжилгээ, туршлага дээр үндэслэн шинэ бүтээгдэхүүний технологийг гаргадаг, намайг ажиллаж эхлэх үед үйлдвэрлэлийн томоохон шинэчлэл эхэлж шинэ тоног төхөөрөмжүүд угсрагдаж байсан үе тул миний хувьд чадахгүй, мэдэхгүй шантрах үе байсан ч хамт олныхоо дэмжлэг, нэг зорилгын төлөөх хичээл зүтгэлийн ачаар бид хамтдаа шинэчлэлийг хийж чадсан.

Намайг анх ажилд ороход Сүү компани нийт 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бол өдгөө 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг, дотоодын сүү сүүн бүтээгдэхүүний дийлэнх хувийг дангаар хангадаг компани болтлоо өргөжсөн байна. Энэ бол манай үйлдвэрт хүчин зүтгэж буй хөдөлмөрч хамт олны минь хөдөлмөрийн үр шим төдийгүй 14 жилийн өмнө өөртөө тавьсан миний зорилго өнөөдөр ийнхүү биеллээ олжээ.