ИЛҮҮ САЙХАН МОНГОЛЫГ БҮТЭЭХ БИДНИЙ ТҮҮХ
2025-04-15

✅BETTER MONGOLIA#2

“Монгол инженерүүд, Монголдоо бүтээн байгуулалт хийж чаддаг жишээг бид гүйцэтгэсэн замын төслүүдээрээ баталж байна”

Макс Рөүд ХХК-ийн Талбайн ахлах инженер ПҮРЭВСҮРЭН-ийн ДӨЛГӨӨН:

Зам бүтээн байгуулалт бол техникийн хүчээс гадна тэнд ажиллаж буй хүмүүсийн нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэл дээр бий болдог гэж боддог. Манай хамт олон эх орондоо замын бүтээн байгуулалтыг бусад орны гүйцэтгэгчдээс дутахааргүй чанарын өндөр түвшинд гүйцэтгэж чадаж байна.

Би анх “Макс Групп”-ийн Арж Капитал ХХК, Макс Рөүд ХХК-д ажилд ороод манай улсын зам бүтээн байгуулалтыг том групп компани ингээд удирдаад, өдий 17 жилийн хугацаанд хүнээ сургаж, чадавхжуулж, техник технологийн нөөцдөө томоохон хөрөнгө оруулалт хийж, сайжруулсан байгааг хараад маш их бахархах сэтгэл төрж байсан. Мөн манай компани аливаа ажлыг чанартай хийдэг, эх орондоо бүтээн байгуулалт хийж байгаа гэдэг хандлага хэдийн суучихсан байсан. Би ч тэр сэтгэл хандлагыг өөрийн зорилт болгон дараа дараагийн инженер ажилчдад үлгэрлэн ажиллахыг хичээдэг.

Мэдээж замын төсөл бол улирлын чанартай олон сараар хөдөө тал нутагт ажилладаг. Халуунд халж, хүйтэнд хөрөх үе олон байдаг. Тэр үед хамт олноос гадна гэр бүлийн хүмүүс, нутгийн ард иргэд сэтгэлийн дэмжлэг үзүүлдэг. Биднийг бүтээн байгуулалтын ард сатаарахгүй ажилдаа сайн төвлөрөөд санаа зовних зүйлгүй ажиллах боломжийн бүрдүүлж өгдөг бүх ажилчдын гэр бүлийн хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Аль ч газар төсөл хэрэгжүүлж байхад Монгол хүний сайхан сэтгэлээр бидэнд сүүтэй цай, идээ будаагаа бариад ирдэг нутгийн хүмүүсийн тэр сайхан сэтгэл бидэнд замаа улам хичээнгүйлэн барих, хийж буй ажлаараа бахархах сэтгэлийг өгдөг.

2016 онд ажилд ороод удаагүй байхад Тосон уул 19-р талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн 104.6км замыг барих төслийн гүйцэтгэгчээр манай компани ажиллаж байсан. Тухайн үед газар нутгийн онцлогийг маш сайтар судалж, элс дээр хэрхэн замаа барих вэ? гэсэн том асуудал тулгарсан. Бид тухайн нөхцөл байдал бүхий л ажилчид санал бодлоо хуваалцан туршилт хийж, шийдэл гаргахад бүтэн 1 сарын хугацаа зарцуулсан. Эцэст нь бид элс дээр техникийн шаардлагын дагуу нунтаг шаварлаг материал хольж, ус чийгийн харьцааг лабораторитой тогтоон талбайд хэрэгжүүлж, замаа барьж чадсан. Энэ аргыг талбайд хэрэгжүүлэхэд ажиллагаа их цаг хугацаа их зарцуулж байсан ч ажлаа чанартай хийх хамгийн тохиромжтой арга байсан гэж би хувьдаа боддог.

Монгол инженерүүд газар нутгийн онцлог, цаг агаараа сайтар мэддэг нь замын төсөлд ажиллахад хамгийн том давуу тал гэж би боддог. Баянхонгор аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлийн 126.7км замын төсөл дээр ажиллахад өмнө нь олон компани уг төсөл рүү орсон боловч тодорхой шалтгаануудын улмаас төслийг орхисон байсан. Биднийг очиход нутгийн ард түмэн дахиад л шинэ компани барихаар ирж байна. Удалгүй хаяад л явах байх гэсэн хандлага ажиглагдаж байсан. Бид ч сайн ажиллаж 4 сарын хугацаанд эхний 30км замыг нээсэн. Тэр үед нутгийн хүмүүсээс их сайхан сэтгэгдэл, баяр хүргэсэн үгсийг сонсож байсан.

Энэ төсөлд бартаа саад ихтэй, чулуу техникийн эвдрэл, гэмтэл их байсан ч бид ард нь гарсан. Замаа ашиглалтад оруулчхаад багаараа барьсан зам дээрээ давхиж үзэхэд хамгийн сайхан мэдрэмж тэр үед төрж билээ. Монгол залуус эх орондоо өөрсдөө бүтээн байгуулалт хийж чаддаг жишээг бид өөрсдөөрөө үлгэрлээд явж буйдаа бахархал дүүрэн байдаг.

“Бид эх орны бүтээн байгуулагчид”